Монгол Улс маань нийт 1.5 сая хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэртэй. Хил дагаад 8,600 гаруй км газар нутагт хилийн цэргүүд болон тэдний ар гэрийхэн оршин сууж Эх орноо хамгаалж байдаг.

Хот суурин газраас алслагдмал хилийн заставт өсөн торниж буй хүүхдүүдэд та бүхэн тоглоом, дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг явуулаарай. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй Монголчуудаас илгээмжийг хүлээн авч, хилийн заставт хүргэх ажлыг ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ зохион байгуулж эхэллээ.

Хүүхдүүд таны илгээсэн зүйлсийг хүлээн авсан зураг, бичлэг, талархлын дулаан үгсийг цахим хуудсаар дамжуулад та бүгдэд эргүүлэн хүргэнэ. Та бүхэн найз нөхдөө уриалан энэ ажилд өргөнөөр оролцохыг уръя!

Нярайн инкубатор авах төсөлд хувь нэмрээ оруулж буй дэмжигчид маань мөнгөн хандиваас гадна эд зүйлс хандивлаж болох эсэх талаар асуудаг билээ. Бид 2012 оноос эхлэн хязгаар нутгийн хүүхдүүдэд таны тусламжийг хүргэх боломжтой боллоо! Илгээмжийг ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ийн УЗ-ийн гишүүн Ц.Эрдэмжаргал хүлээн авч байна. Утас: 99786832, 98126832. Емайл: info@saveinfants.mn.

Энэ ажилтай холбоотой бидэнд ирүүлсэн хүсэлт болон танилцуулгыг толилуулъя:

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ‘ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ’ ТБ БАЙГУУЛЛАГАД

Хүсэлт гаргах тухай

Манай байгууллага, хамт олон та бүхнийг бидний жаргалант ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүмүүнлэгийн олон сайхан буянтай арга хэмжээ зохион байгуулдаг талаар сайн мэддэг. Бид өөрсдийн албан хаагчдын хүүхдүүдийг эрүүл чийрэг өсгөх, тэднийг сайн иргэн болгон хүмүүжүүлэх үйлсэд танай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжилъя.

Та бүхний ажил үйлст амжилт хүсч, бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна. Бид танай санд хүсэлт гаргаж зарим танилцуулгыг хүргэж байна. Та бүхэн танилцаж бидэнд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Хүндэтгэсэн:

Хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг төлөөлөн хариуцсан А.Оюунгэрэл

                                                                                                                             

ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын газар орон нь баруун бүсдээ уул, говь, ой тайгат уултай, хангайн бүсдээ говь, ой тайгат уул, ой тайгатай, төв бүсийн урд талын ихэнх нутгийг говь, цөл эзэлсэн, зүүн бүсдээ тал, ой тайгат уул, ой хээр эзлэж байдаг. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Өвөл −14C-өөс −34С хэм, нэгдүгээр сард хамгийн хүйтэрч нутгийн хойд хэсэг −40С-өөс −50С хэмд хүрдэг. Зун нь +28C хэм хүртэл халуун байдаг.

Өвлийн хүйтрэлт, ширүүн салхи, аагим халуун зэрэг эрс тэс байдал нь манай хилчдийн албаны үйл ажиллагаанд нэлээд бэрхшээл учруулахын зэрэгцээ тэдний ар гэр, ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, тэдний өсөн бойжих хүмүүжих орчинд тавих анхаарал халамж сулардаг бодит нөхцөл байдал үүсдэг. Хүүхдүүдийн эцэг эх нар буюу албан хаагчид гүйцэтгэж байгаа үүргийн онцлогоос хамаарч төв суурин газраас алслагдмал өөрөөр хэлбэл 45-360 км алс зайдуу хил хязгаарт алба хаадагтай холбоотойгоор орон нутгийн боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг чиглэлийн хүмүүнлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломж хомс байдаг. Манай албаны онцлогийн хувьд хил хязгаарт ажиллаж байгаа нийт эмэгтэйчүүдийн 70,5%-ийг төрөх насны эмэгтэйчүүд эзэлдэг. Манай орны эрүүл мэндийн яаралтай тусламжийн тогтолцооны өнөөгийн байдал, хүчин чадлаас хамаарч төв суурингаас алслагдсан газарт нярайн эндэгдэл илүүтэй гардаг нь холбогдох мэргэжлийн албаны судалгаанаас харагддаг. Алслагдсан байдал газар зүй, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл зэрэг нөлөөллийн дунд амьдарч ажиллаж сурч байгаа албан хаагчдын нийт хүүхдийн 39,4% нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд байгаагаас 26,7% нь стандартын шаардлага хангахгүй орон нутгийн цэцэрлэгт, 73,3% нь гэрээр хүмүүжиж байна.

Иймд та бүхнээс дэмжлэг хүсэж дараах саналыг хүргүүлж байна Үүнд:

1.  Нярайн эндэгдэл гарах, нярай болон бага насны хүүхдийн өсөлт, бойжилт хямрахаас урьдчилан сэргийлэхэд ач тус ихтэй нярайн хүүхдийн дулаан өлгий гэх мэт асаргаа сувилгааны хэрэгсэл эхний ээлжинд хэрэгцээтэй байна.

2.  Ясли, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн сэтгэн бодох, оюун сэтгэхүй, амралт чөлөөлт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний оюун санаа бие бялдрыг зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд ач холбогдол бүхий янз бүрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, хэрэгсэл нийлүүлэх талаар туслана уу. Та бүхэнд их баярлалаа! Хүүхдийн сайн сайхны төлөө бидний сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Энэхүү анхны 3 хайрцаг илгээмжийг nuutsbish.com сайтын админ Отголт АНУ-с илгээснийг УБ хотод 2012.3.6-нд бид хүлээн авсан бөгөөд хилийн заставын хүүхдүүдэд хүргүүлсэн билээ. Хилийн заставын бяцхан хүүхдүүдээс ирсэн талархалыг эдгээр зургуудын хамт дамжуулж байна.
Танд маш их баярлалаа!

Та бүхэн ч бас илгээмжээ явуулаарай!

илгээмж 527051_10151202143823092_842265186_n 309123_10151202144213092_1230619533_n