‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ төрийн бус байгууллага нь Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой бөгөөд анх ‘Save Infants – Эрүүл Үрс’ залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 оны 1-р сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Улмаар уг хөдөлгөөнд оролцож буй залуусын идэвхи зүтгэл, санал санаачлагад тулгуурлан цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтоо тодорхойлон 2011 оны 3-р сарын 23-нд ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ нэртэй ашгийн бус, төрийн бус байгууллага байгуулж Монгол улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаа хүлээн авсан.
Сонирхолтой 3 баримт:
- ТББ-ын гишүүд нь цалинждаггүй бөгөөд үйл ажиллагааны зардлаа гишүүдийнхээ татвараар нөхдөг. Хандивын мөнгийг 100% хүүхдүүдэд зориулдаг ба гишүүд өөрсдөө бас хандивлагчид юм.
- ТББ-ын гишүүд бүгд Монгол залуус: МУ-д 11, Японд 5, АНУ-д 2, Австралид 1, Бельгид 1, Туркд 1 гишүүн сурч, амьдарч хоорондоо утас, facebook, email, messenger-ээр харилцаж ажил хэргээ явуулдаг. Сайн дураар туслах хүсэлтэй хэн ч бидэнтэй нэгдэж болно.
- ТББ нь 1 жилд 1 төсөл хэрэгжүүлдэг бөгөөд анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 4 дахь төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн 15 орноос 500 гаруй дэмжигчидийн 10.4 сая төгрөгийн хандиваар 2010 онд Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цоо шинэ 3 хяналтын монитор бэлэглэж, 2011 онд 2.5 сая төгрөгийн хандиваар Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулсан. Мөн түүнчлэн 2012 онд ЭHЭМТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий цоо шинэ инкубатор хандивласан билээ. Цаашид бусад дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар судалгаа хийж энэхүү төслийн II шат болгон 2013 онд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Сайшаалтай 3 давуу тал:
- Гишүүд. Бүгд чин сэтгэлээсээ юмийг хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэйгээр мэдлэг чадвараа зориулж хамтран ажилладаг. Хуульч, нягтлан, дизайнер, фото зурагчин, сэтгүүлч, сувилагч зэрэг олон төрлийн мэргэжилтэй гишүүдтэй.
- Дэмжигчид. Нэг удаа хандив өгсөн хүмүүс шинэ төсөл хэрэгжүүлэхэд дахин хандив өгч дэмждэг. Монгол, Америк, Япон, Англи, Австри, Бельги, Герман, Швецарь, Нью Зеланд, Ирланд, Турк, Канад, Орос, Солонгос, Сингапур, Энэтхэг, Гватемал зэрэг дэлхийн олон оронд сурч ажиллаж буй Монголчууд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
- Ил тод байдал. Хэн хандив өгч тэр нь юу нь зарцуулагдаж байгаа нь маш ил тод байдаг. Бид үйл ажиллагаагаа сайн таниулж, тайлан тооцоогоо ил тод хөтлөн явуулдаг учир байнгын дэмжигчид нэмэгдсээр байна.
2010 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт бидний хандивласан 3 хяналтын мониторууд одоог хүртэл ганц ч эвдрэл сааталгүй ажиллаж олон зуун хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдсээр байна. Энэхүү монитор нь хүүхдийн зүрх, амьсгал, халуун, хүчилтөрөгчийн ханамж, даралт зэрэг 5 чухал үзүүлэлтийг үзүүлж байдаг ба эдгээрээс аль нэг нь муудахад дохио өгч дуугаран хүүхдийн амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмж юм.
2011 онд нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн гадна бидний байгуулж өгсөн зориулалтын талбайд xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч, биеэ авч явах дасгал хийх боломжтой болсон билээ. Хүүхдүүд туршлагажиснаар өөртөө итгэх итгэл, бие даах чадвар нь сайжирч бэртэж гэмтэх асуудал багасаж xөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
2012 онд бид ЭНЭМТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн дутагдалтай байсан инкубаторыг хандивласан бөгөөд энэхүү инкубатор нь одоогоор хэрэглэгдэж буй төхөөрөмжүүдээс хамгийн чанартай, орчин үеийнх юм. 6-р сард ашиглалтанд орсноос хойш тасралтгүй эмчилгээнд хэрэглэгдсээр байгаа билээ. 11-р сард 9901…. дугаарaaс нэгэн ээж манай 150601 тусгай дугаарт дараах SMS-ийг илгээв: “Баярлалаа, эх нялхасд инкубатор авч өгсөнд, би дутуу төрөөд хүү маань инкубаторт бгаа, тэндээ овоо тухтай сайжирч бна, танайхыг авч өгснийг мэдээд өчнөөн хүүхдийн алтан амийг нь аврахад үнэтэй хувь нэмэр оруулсанд олон ээж аавуудын өмнөөс талархаж бна.”