ТӨСӨЛ 2012
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бэхжүүлэх
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага

Агуулга

  1. Төслийн хураангуй буюу товчоо
  2. Танилцуулга
  3. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
  4. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
  5. Аргачилал, үйл ажиллагаа
  6. Үнэлгээ дүгнэлт, тайлан
  7. Төслийн тогтвортой байдал
  8. Төсөв
  9. Хавсралт дагалдах материал

 

I. Төслийн хураангуй буюу товчоо

Төслийн нэр Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бэхжүүлэх
Төсөл хэрэгжих байршил Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) -ийн  Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг
Төслийн зориулалт, хэрэгцээ Нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай шинэ инкубатор хандивлах.
Төслөөс гарах үр дүнгийн тойм Уг инкубаторыг нийлүүлснээр дутуу төрсөн нярайн эмчилгээ сувилгааны чанарын түвшинг дээшлүүлж, амь насыг нь аварч, тэдний эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх.
Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн Isolette 2000 загварын нярайн инкубатор нэг ширхэгийн үнэ болох 25,650,000 төгрөг.
Төслийг хэрэгжүүлэгч: “Save Infants – Эрүүл Үрс” сайн санааны үйл ажиллагаа, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллагаWebsite: www.saveinfants.mn
Төслийн менежер: Б.Сарнай, Удирдах зөвлөлийн даргаemail: sarnai@saveinfants.mn
Н.Санжааханд, Удирдах зөвлөлийн гишүүнemail: handa@saveinfants.mn
Төсөл эхлэх хугацаа: 2011 оны 10-р сарын 20Төсөл дуусах хугацаа: 2012 оны 6-р сарын 1

 

II. Танилцуулга

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага нь анх Монгол хүүхдүүдийн эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой ‘Save Infants – Эрүүл Үрс’ залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 онд эхэлсэн. ‘Save Infants – Эрүүл Үрс’ хөдөлгөөн нь Монгол болон дэлхийн олон оронд сурч хөдөлмөрлөж байгаа Монгол залуусын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 3 ширхэг хяналтын мониторыг хандивлаж анх үйл ажиллагаагаа эхэлсэн.

Улмаар уг хөдөлгөөнд оролцож буй залуусын идэвхи зүтгэл, санал санаачлагад тулгуурлан цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтоо тодорхойлон ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ нэртэй ашгийн төлөө бус, олон нийтийн төрийн бус байгууллагын хэлбэрээр 2011 оны 3-р сард зохион байгуулагдсан. ‘Save Infants – Эрүүл Үрс’ хөдөлгөөн буюу ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ төрийн бус байгууллага нь хоёр дахь үйл ажиллагаагаараа Тwitter-ийн гишүүн залуучуудын UBTwestival хөдөлгөөн болон өөрийн гишүүд дэмжигчидийн тусламж дэмжлэгтэйгээр Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбайг 2011 оны 5-р сард байгуулж өгөөд байна.

 

III. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал

Энэхүү төсөл нь Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт хэрэгжих бөгөөд уг тасаг нь 5 их эмч, 19 сувилагчийн орон тоогоор нярайн 17-н ортой ажиллаж байна. Дутуу төрсөн болон гүйцэт төрөөд эрчимт эмчилгээ авах шаардлагатай нярайд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж жилд дундажаар 900 гаруй нярайд үйлчилдэг ба тэдний 80 гаруй хувь нь жин багатай, 24 хувь нь төрөхдөө биеийн байдал маш хүнд төрж уг тасагт эмчлүүлдэг. 2008 оноос хэт бага жинтэй төрсөн нярайг /500-1,000 г/ эмчилж эхэлсэн.

Уг тасгийн хамт олон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанартай үзүүлэхэд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг өргөнөөр хэрэглэж, өвчлөл эндэгдлийг жилээс жилд бууруулах зорилгыг тавин ажиллаж байна.

Анх тасаг нээгдэхэд цөөхөн тооны инкубатороос өөр тоног төхөөрөмж байхгүй байсан бол өнөөдрийн байдлаар нярайн 17-н оронд 7 ширхэг инкубатор, 5 ширхэг халаагч ширээ, 4 ширхэг пульсоксиметр, 3 ширхэг фото аппарат, 5 ширхэг тарианы автомат шахуургатайгаар 17-н оронд өдөрт дундажаар 25-28 нярайг хүлээн авч эмчилж ажлын ачаалал их, аппарат тоног төхөрөмжийн хангалт муутай ажиллаж байгаа бөгөөд нярайн амьсгалын аппарат 2 ширхэг ажиллаж байна.

Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн хэмжээнд тулгарч буй асуудлууд:

a)      Нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нярай тус бүрийн хүчилтөрөгчийн хангамжийг үзэж хянах аппарат пульсоксиметрийн хүрэлцээ.

b)     Нярайн дуслыг 24 цаг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдгаас хүүхэд бүрд хэрэглэх автомат шахуурга хүрэлцдэггүй

c)      Сүүлийн 3 жилд эмгэг шарлалт эрчимтэй нэмэгдэж байгаа ба фото эмчилгээний аппарат хүрэлцэхгүйгээс нэг аппаратанд 2-3 нярай зэрэг оруулж байна.

d)     Одоо ажиллаж байгаа инкубатор, халаагч нь хангалт муугаас гадна эвдрэл ихтэй байдаг.

Дутагдалтай байгаа төхөөрөмжүүд:

a)      Орны тоогоор нярайн инкубатор, халаагч ширээ, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгчийн хангамж үзэх пульсоксиметр

b)     Амьсгалын аппарат/ бага жинтэй нярайн зориулалттай/

c)      Фото эмчилгээний аппарат, фотоны гэрэл зэрэг.

 

IV. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм

Өнөөгийн Монгол улсын хамгийн эмзэг асуудлын нэг бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулагдсан үр дүнтэй, бодит ажлууд хийгдэх шаардлагатай байгаа билээ.

Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд 2010 оны эхний таван сарын байдлаар Монгол улсад 27,597 хүүхэд төрсөн бөгөөд эдгээрээс 625 нярай хүүхэд нь нэгээс доош насандаа эндсэн байна.

Хүүхдийнхээ эмчилгээний зардалд хандив гуйж яваа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ганц нэг нь гадаадад өндөр зардлаар эмчилгээ хийлгэж, ард үлдсэн олон хүүхдүүд амь насаа алдаж байна.

Монголчууд бид саруул ухаанаар сэтгэж үр хойчийнхоо төлөө хамтран ажиллаж чадвал олон зуун хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эрүүл саруул өсөн бойжих боломжийг нэмэгдүүлэх юм.

 

V. Аргачлал, үйл ажиллагаа

Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хангалтгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд хожимдол үүсч, эмчилгээний чанарын шаардлагатай төвшинд хүрэхгүй байх зэрэг эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс бид нэг ширхэг ч болов өндөр чанартай нярайн инкубаторыг нийлүүлэх, нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох, хандив цуглуулах зэрэг үйл ажиллагааг урьд урьдын туршлагадаа тулгуурлан явуулахаар төлөвлөсний дагуу ажиллав.

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага Нярайн инкубатор авах зардлыг санхүүжүүлэхийн тулд хандивлагч улс орнуудын засгийн газар, тэдгээрийн хөгжлийн хөтөлбөрийн байгууллагуудаас зарлагддаг төслүүдэд өөрийн боловсруулсан энэхүү төслийг илгээх, Oлон улсын сайн дурын байгууллагууд, Монголын үндсэний томоохон аж ахуйн нэгжүүдээс болон сайн санаат иргэдээс хандив цуглуулах арга хэмжээнүүдийг 2011 оны 10-р сарын 20-с 2012 оны 4-р сарын 1-н хүртэл авч хэрэгжүүлж инкубатороо захиалан тээвэрлэж 2012 оны 5-р сарын 25-ны өдөр ЭХЭМҮТ, Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт гардууллаа.

 

VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан

Төслийн хэрэгжих явцад ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага өөрийн вэб хаяг болох www.saveinfants.mn болон Facebook/Save Infants хуудсуудаар санхүүжилт болон санхүүгийн баримтууд, мөн цугларч буй хандивуудын талаар тогтмол мэдээллэдэг.

Нярайн инкубатор төслийн хандивыг 2011 оны 10 сарын 20-с 2012 оны 4-р сарын 1 хүртэл хүлээн авсан бөгөөд дээрх хугацаанд нийт 26,019,226 төгрөг цуглуулсан ба энэхүү төсөлд дэлхийн 16 оронд оршин сууж буй Монгол улсын 210 иргэд, хамт олон тусламжийн гараа сунгаж, үүрэн телефоны 150601 тусгай дугаарт 1800 гаруй хандивын мессэж хүлээн авсан юм. Мөн MCS Сосa Cola, Билиг хөгжил сан зэрэг 16 аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ.

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ нь мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэн, бүх хандивлагчдынхаа нэр болон хандивын хэмжээг зарлаж, хамтран ажилласан албан байгууллагуудыг өөрсдийн цахим хуудсуудаар сурталчиладаг. Мөн хэрэгжүүлсэн төслийн үр дүн болон санхүүгийн баримтуудыг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрсдийн цахим хуудсаар тайлагнадаг билээ.

Төсөл хэрэгжиж дууссаны дараа ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл төслийн хэрэгжилтийн талаар тайлан гарган энэхүү тайлангаа санхүүгийн бүхий л баримтуудын хамт www.saveinfants.mn болон Facebook Save Infants хуудсанд байрлуулахын хажуугаар хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгж тус бүрт нэг нэг хувийг илгээдэг.

 

VII. Төслийн тогтвортой байдал

Бидний бэлэглэсэн Нярайн инкубатор нь ЭХЭМҮТ, Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бүрэн бэхжүүлж чадахгүй бөгөөд цаашид бусад дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар судалгаа хийж энэхүү төслийн II шат болгон хэрэгжүүлэхээр зорьж байна.

Өнөөдрийн байдлаар уг тасгийн хэмжээнд тулгараад байгаа асуудлууд:

1. Сүүлийн 3 жилд эмгэг шарлалт эрчимтэй нэмэгдэж байгаа ба фото эмчилгээний аппарат хүрэлцэхгүйгээс нэг аппаратанд 2-3 нярай зэрэг оруулж байна.

2. Нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нярай тус бүрийн хүчилтөрөгчийн хангамжийг үзэж хянах пульсоксиметрийн хүрэлцээ хангалтгүй.

Иймээс фото эмчилгээний аппарат, суурин пульсоксиметрийн үнийн болон чанарын судалгааг хийж эхлээд байна.

 

VIII. Төсөв

Уг төслийг хэрэгжүүлэх анхан шатны ажлын хүрээнд Монгол улсын Medimpex International ХХК-д хандаж ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн Isolette 2000 загварын нярайн инкубаторын үнийн саналыг авсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 25,650,000 төгрөг байна. Энэхүү үнийн дүнд нярайн инкубаторыг үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулах болон гаалийн гэх мэт бусад татвар зардууд бүгд багтасан бөгөөд Medimpex International ХХК-иас уг төхөөрөмжийг ажиллуулах талаар сургалтуудыг зохион байгуулж 1 жилийн баталгаа гаргасан.


Монголын Үрс маш олон болох болтугай!

 

IX. Хавсралт дагалдах материал

– Нярайн инкубатор гардуулж өгсөн үйл ажиллагааны зургууд

– Нярайн инкубатор төслийн хандивлагчид, SMS хандивлагчид

– ЭХЭМҮТ-ийн Дутуу нярай эрчимт эмчилгээний тасгаас хийсэн судалгаавидео бичлэг

– Medimpex International ХХК-иас ирүүлсэн ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн Isolette 2000 загварын нярайн инкубаторын үнийн санал

– Өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн талаар холбогдох байгууллагаас гаргасан тодорхойлолтууд: Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагХарааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульUBTwestival 2011

– Өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн зургийн цомогвидео бичлэг

– ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийн товч танилцуулга

– ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын тайлан баланс

– ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын хaндивын дансны мэдээлэл