Төсөл 2010
Төслийн бүтэц
- Төслийн хураангуй буюу товчоо
- Танилцуулга
- Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
- Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
- Аргачилал, үйл ажиллагаа
- Үнэлгээ дүгнэлт, тайлан
- Төслийн тогтвортой байдал
- Төсөв
- Хавсралт дагалдах материал
I. Төслийн хураангуй буюу товчоо
Төслийн нэр: Хүүхдийн Эрчимт Эмчилгээний Тасаг
Төслийг хэрэгжүүлэгч: “Save Infants- Эрүүл Үрс” сайн санааны үйл ажиллагаа, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ
Төсөл хэрэгжих байршил: Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
Төслийн зориулалт, хэрэгцээ: Хүнд өвчтэй хүүхдийн бие муудахад дохио өгөгч хяналтын мониторууд маш дутагдалтай байгаа бөгөөд эдгээр төхөөрөмжийг хандивлах хэрэгцээтэй.
Төслөөс гарах үр дүнгийн тойм: Энэхүү хяналтын мониторыг хандивласнаар өвчтэй хүүхдүүдийн амь насыг аварч, тэдний эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт: Хяналтын монитор тус бүр нь $2515 үнэтэй.
II. Танилцуулга
Дэлхийн олон оронд сурч ажиллаж буй Монгол залуус бид “Save Infants- Эрүүл Үрс” гэсэн үйл ажиллагааг 2010 оны 1-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
Бидний эрхэм зорилго бол Монгол хүүхдүүд маань Монголдоо эмчлүүлж эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой билээ. Бид хамтран ажиллаж 3 ширхэг хяналтын мониторыг хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хандивласан. Үүнд Монгол, Америк, Япон, Англи, Австри, Швецарь, Нью Зеланд, Орос, Солонгос, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд сурч ажиллаж буй 350 гаруй Монгол залуус өөрсдийн хүч хөдөлмөрөө нийлүүлэн оролцсон юм.
III. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
2010 оны 1-р сараас 5-р сарын хооронд Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Эх оронд маань өдөрт 1-с доош насны 3-4 нялх хүүхэд эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхдүүдийн тоог нэмэхэд сэтгэл эмзэглүүлсэн тоо гарна.
ЭНЭШТ-ийн Xүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 1 сартайгаас 18 хүртэлх насны хүнд өвчтэй хүүхдүүд эмчлүүлдэг бөгөөд ердөө 12-хон ортой. Дутагдалтай байгаа хяналтын монитор нь хүүхдийн зүрх, амьсгал, халуун, хүчилтөрөгчийн ханамж, даралт зэрэг 5 чухал үзүүлэлтийг үзүүлж байдаг ба эдгээрээс аль нэг нь муудахад дохио өгч дуугаран хүүхдийн амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэдэг багаж юм. Одоогоор 12 орноос 10 нь хяналтын монитортой байна.
IV. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
Монгол улсын маань хамгийн эмзэг асуудлын нэг бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулагдсан үр дүнтэй, бодит ажлууд хийгдэх шаардлагатай байгаа билээ.
Хүүхдийнхээ эмчилгээний зардалд хандив гуйж яваа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ганц нэг нь гадаадад өндөр зардлаар эмчилгээ хийлгэж, ард үлдсэн олон хүүхдүүд амь насаа алдаж байна.
Монголчууд бид саруул ухаанаар сэтгэж үр хойчынхоо төлөө хамтран ажиллаж чадвал олон зуун хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эрүүл саруул өсөн бойжих боломжийг нэмэгдүүлэх юм.
V. Аргачилал, үйл ажиллагаа
Хүүхдээ өвдөхөд тэврээд очих газар бол Эх нялхасын эмнэлэг, үхэх сэхэхийн тэмцэл болдог нь Эрчимт эмчилгээний тасаг. Иймээс бид энэ халуун цэгээс эхлэн туслалцааг үзүүлсэн билээ. Тасгийн ор бүрт хяналтын мониторыг суулгавал хүүхэд болгоны биеийн байдал хэмжигдэж, зохих эмчилгээг шаардлагатай үедээ цаг алдалгүй авах боложтой болох юм.
Бид энэхүү чухал хэрэгцээтэй хяналтын мониторын үнийн болон чанарын үзүүлэлтийн судалгааг хийж тасгийн эмч нарт үзүүлэн хамгийн тохиромжтойг нь сонгуулж, мөн багаж төхөөрөмжийн эмчээр батлуулсан.
Сонгогдсон монитор нь АНУ-ын чанарын баталгаатай, цоо шинэ, 8 инчийн дэлгэцтэй бөгөөд бөгөөд дагалдах хэрэгслүүдтэйгээ хамт ирдэг.
Эдгээрийг АНУ-ын Калифорни мужийн “Medical Device Pros” хэмээх эмнэлэгийн багаж төхөөрмж нийлүүлэх газраас захиалж авсан ба Улаанбаатар хот руу агаарын илгээмжээр илгээсэн. Илгээмж 7-10 хоногт ирснээр Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт албан ёсоор гардуулан өгч, тухайн өдөртөө угсарч ажиллуулан үйл ажиллагаанд оруулав.
VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан
Энэхүү төслийн хүрээнд хандивласан 3 монитор нь одоог хүртэл ямар ч сааталгүй ажилласаар байна. Энэ ажилд оролцсон залуус судалгаа хийж, нэг нэгнээ уриалж, хандив өргөж өөрсдийн цаг хүчээ зориулцгаасан бөгөөд хандив өргөчидын нэрс, хандивын хэмжээ зэрэг бүх мэдээллийг ил тод, маш амжилттай хөтлөн явуулсан юм. Хандив өргөсөн хүн бүрийн сэтгэлийн тусламж эзэндээ 100% зориулагдсан.
2010 оны 1-11 сар хүртэлх хугацаанд 350 гаруй залуус хамтарч нийт $8077 цугласнаас эхний мониторыг дагалдах хэрэгслүүдтэй нь $3007-р захиалж 4 сард хандивласан, 2 дахь мониторыг $2515-р захиалж 11 сард Улс тунхагласан баярын өдрөөр хандивлан, 3 дахь мониторыг $2515-р захиалж үлдсэн $40-ыг АНУ-аас УБ хот руу илгээсэн агаарын шуудангийн зардал болох $100-т нэмэрлэн зарцуулсан тооцооны баримтуудыг цахим хуудас дээрээ нийтлэсэн билээ.
Гадаадын олон орноос Монголчууд маань бие биедээ итгэн нэгдэж, нэгэн зорилгоор анх удаа бодит ажил хийсэн нь цаашдаа олон зуун залууст үлгэр дууриал болж байна.
VII. Төслийн тогтвортой байдал
Бидний хэрэгжүүлсэн энэ төсөл нь Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийг нэмэлт хяналттай болгосноор эмчилгээний үр дүн сайжрахад чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.
Эх орныхоо төлөөx энэхүү сайн үйлс нь цаашдаа олон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд зориулсан бодит ажлууд бүтээх алхам болж байна. Монголын Үрс маш олон болох болтугай!
VIII. Төсөв
Нийт санхүүжилт: $8077
Хөрөнгө чухам юунд зарцуулагдсан: Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний ТөвийнХүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлын хянах 3 мониторыг дагалдах хэрэгслүүдийн хамт худалдан авахад зарцуулагдсан.
IX. Хавсралт дагалдах материал
Save Infants- Эрүүл Үрс төслийн хүрээнд Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хандивласан хяналтын мониторуудыг худалдаж авсан баримт
Хандив өргөгчидийн нэрс
Хяналтын мониторуудыг гардуулж өгсөн зургууд, видео бичлэг