Tөсөл 2011

Төслийн бүтэц

I. Төслийн хураангуй буюу товчоо

II. Танилцуулга

III. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал

IV. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм

V. Аргачилал, үйл ажиллагаа

VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан

VII. Төслийн тогтвортой байдал

VIII. Төсөв

IX. Хавсралт дагалдах материал

I. Төслийн хураангуй буюу товчоо

Төслийн нэр: Хараагүй хүүхдүүдэд зориулсан Орон зайн сургалтын талбай

Төслийг хэрэгжүүлэгч: “Save Infants- Эрүүл Үрс” сайн санааны үйл ажиллагаа, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ

Төсөл хэрэгжих байршил: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль

Төслийн зориулалт, хэрэгцээ: Энэхүү зориулалтын талбайд xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч биеэ хэрхэн авч явах дасгал хийх боломжтой болно.

Төслөөс гарах үр дүнгийн тойм: Хүүхдүүд туршлагажиснаар өөртөө итгэх итгэл, бие даах чадвар нь сайжирч бэртэж гэмтэх асуудал багасах юм. Мөн xөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт: 17м x 14м талбай байгуулахад зарцуулагдах материалын төсөв 2,173,637₮.

 

II. Танилцуулга

2010 оны 1-р сараас эхэлсэн “Save Infants- Эрүүл Үрс” сайн санааны үйл ажиллагаанд дэлхийн олон орноос Монгол залуус дэмжин оролцож улмаар 2011 оны 3-р сард “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТТБ-г  албан ёсоор байгуулав.

Одоогоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүд болон гадаадын улс орнуудаас үйл ажиллагаанд оролцдог 25 гишүүдтэй ажиллаж байна.

 

III. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал

116-р сургууль нь МУ-ын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. Гурван давхар байр дотроо сургалтын анги танхим, багш ажилчдын өрөө, биеийн тамирын танхим, цайны газар, болон сурагчдын дотуур байр байрладаг байна. Бүтэн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд нь энгийн хүүхдүүдийг бодвол бие даах чадвар муу, гэр хичээл хооронд ганцаараа явахад хүндрэлтэй байдаг тул дотуур байр зайлшгүй шаардлагатай байдаг байна.

2010-2011 оны хичээлийн жилд тус сургуульд 6-21 насны 86 хүүхэд суралцан 10 жилийн боловсрол эзэмшиж, амьдралд бэлдэх чадвар олж авч байгаа ба сургуулийн дотуур байранд 63 хүүхэд амьдарч байна. Анги тус бүр 7-9 хүүхэд суралцдаг. Үүнээс 30 хүүхэд бүтэн хараагүй бөгөөд 44 хүүхэд брайль бичиг, 42 хүүхэд кирилээр бичдэг байна.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүд шиг үсэрч, гүйж, харайж тоглож чаддаггүй байнгын айдастай, болгоомжтой байдаг байна. Үүний улмаас тулгардаг хамгийн том асуудлуудын нэг нь хөдөлгөөний дутагдал юм.

 

IV. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм

Орон зайн сургалт явуулах зориулалтын талбайг 116-p сургуулийн гадна байгуулснаар xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч саадыг тойрон биеэ хэрхэн авч явах тухай хичээл зааж хангалттай туршлага өгөх боломжтой болох юм. Хүүхэд туршлагажиж өөртөө итгэх итгэл, бие даах чадвар нь сайжирaн бэртэж гэмтэх асуудал багасах юм. Мөн xөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой билээ.

 

V. Аргачилал, үйл ажиллагаа

Харааны бэрхшээлтай хүүхдүүдэд зориулсан Орон зайн сургалтын талбайг  5-р сарын 14, 15-нд байгуулахаар дараах бэлтгэл ажлуудыг хийж гүйцэгтэв:

1) 17м x 14м талбайг тойруулан хашиж гадаад орчинд тулгарч болох хэлбэрүүдийг хэрхэн туулах тухай ойлголт өгөхүйц бүтэцтэй элс, хайрга, цемент, шороон хучилттай зам бүхий талбайн зураг төслийг бэлэн болгов.

2) Орох материалуудын үнийн судлагаа, тооцоог гаргав.

3) Tалбай байгуулахад оролцох залуусыг бүртгэж эхлэв.

4) Талбайн ажилд оролцох залуустаа үдийн хоол, цай бэлдэв. (Энэ зардлыг санхүүжилтээс гаргахгүй, гадаадад буй гишүүд дэмжигчдийн зүгээс бэлдсэн).

5) Заавар зөвөлгөө өгөх барилгын мэргэжилтэнг урив.

6) Материал нийлүүлэгч компаниуудтай холбоо тогтоож хөнгөлөлт хүсэв.

7) Орох материалуудыг сургуулийн гадна авчирч бэлдэв.

Талбай байгуулах өдрийн ажлын төлөвлөгөө:

1) 5-р сарын 14, 15-ны амралтын өдөр эрт цуглаж ажлын хуваарилалтаа хийх

2) Зураг төслийн дагуу талбайг тохижуулах

3) Цайны цаг (хоол, цайгаар үйлчилнэ)

4) Ажлаа дуусгах

5) Тохиромжтой өдөр нээлтээ хийж албан ёсоор хүлээлгэн өгөх

6) Нээлтийн үеээр хараагүй хүүхдүүдэд зориулан дэмжигчидийнхээ хийсэн хонхтой бөмбөг болон бусад бэлгийг гардуулан өгөх

7) Үйл ажиллагааны талаар зурагт, хэвлэл мэдээллд нийтлэх

Дээрх төлөвлөгөөг гарган ажиллaв. Дэмжигч залуус санаа оноогоо нэмэрлэж, энэхүү сайхан үйлст өөрсдийн чадлаар оролцлоо.

 

VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэмжаргал: Ажилд оролцож зохион байгуулсан хүний хувьд энэ төслийг амжилттай дуусгаж тавьсан зорилгодоо хүрсэн гэж дүгнэж байна. Сургуулиас гаргаж өгсөн зураг төслийг “Үлэмжит” ХХК-н загвар зохион бүтээгч Б.Бямбаа өөрийн санаагаар баяжуулж гаргасан зураг төслийн дагуу талбайг барьж байгуулах ажлыг зохион байгуулав. Зарим нэгэн төлөвлөгдөөгүй өөрчлөлтүүдийг материалын нөөц бололцоо, сургуулийн энэ зун хийх засвар зэрэгтэй холбогдуулан байршлын болон материалын бага зэрэг өөрчлөлтүүдийг газар дээр нь  шийдвэр гаргаж өөрчилсөн байгаа.

Бидний байгуулсан хараагүй хүүхдэд орон зайн баримжаа олгох талбай бол Монгол Улсад анх удаа баригдсан гэдгээрээ онцлогтой бөгөөд Дэлхийн бусад орнуудад хараагүй хүний боловсролд энэ төрлийн хичээлийг түлхүү ашигладаг болсон талаар сургуулийн захирал ярьж байлаа. Энэхүү талбай нь хараагүй хүүхдэд өөрийн орон зайг мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлэхэд тус болох зорилготой бөгөөд цаашид сургуулийн захиргаа нь хичээлтэйгээ уялдуулан байнга хөгжүүлж өөрчлөх боломжтой үндсэн суурь талбай юм. Цаашид сургуулийн захиргаа энэ талбай дээр бодит амьдрал дээр байдаг төрөл бүрийн саад бартаа бүгдийг бий болгож байршлыг өөрчилж хүүхэд тэдгээр саадыг мэдэрч хөдөлгөөнөө удирдахад хүүхдүүдийг сургах юм.

Ажил гүйцэтгэх явцад сургуулийн материаллаг бааз сул учир ажилд шаардлагатай зарим багаж тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд үүнд: жижиг тасдагч, 30м урт уртасгагч, 6ш хүрз, гагнуурын шил, гагнуурын бээлий, тасдагчийн ирнүүд, гагнуурын электрод, гадна гэрэлтүүлгэд зориулж 35м цахилгааны кабль гэх мэт 135000₮-н үнэ бүхий  зүйлсийг худалдан авч сургуульд бэлэг болгосон. Зардлын тайланг манай санхүү хариуцсан ТУЗ-н гишүүн Хандаа-н тайлангаас дэлгэрэнгүй үзээрэй.

Эцэст нь бид “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-н залуус бид UB Twestival –г зохион байгуулагч залуус, UB Twestival – 2011 арга хэмжээн дээр ирж хандив тусламж өргөсөн ТВИТТЕРЧ залуус болон “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-н гишүүд дэмжигчид болон тэдгээрийн найз нөхдийн халуун дэмжлэгээр бүх санхүүжилтийг бүрдүүлж тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн бэлгийг очих ёстой эзэнд нь хүргэж бидэнд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй энэхүү төслийг амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна.

 

VII. Төслийн тогтвортой байдал

Манай байгууллага нь Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн бодит байдлаас хийсэн судалгаан дээр үндэслэж тэдгээр хүүхдүүдэд хэрэгцээтэй хичээлийн болон ахуйн хэрэгслэл бэлэглэх, цаашлаад сурч амьдрах тусгай орчинг байгуулах ажилд туслалцаа үзүүлж дэмжих байгууллага хамт олны саналыг хүлээн авч ажиллах боломжтой. Одоогоор Япон улсаас брайлл бичгийн машин оруулж ирэн хандивлах талаар нэмэлт судалгааг хийж байгаа билээ.

 

VIII. Төсөв

Нийт санхүүжилт: 2,173,637₮.

Хөрөнгө чухам юунд зарцуулагдсан: Нийт санхүүжилтын 100% нь харааны бэршээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн, орон зайн баримжааны сургалтын талбайг байгуулах барилгын материалын зардал болон тээвэрлэлтэд зарцуулагдсан.

 

IX. Хавсралт дагалдах материал

Талбай байгуулахад зарцуулсан барилгын материал, тээврийн зардлын тооцоо

Хандив өргөгчидийн нэрс

Талбайн нээлтийн үеээр авсан гэрэл зургууд

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн захиргаанаас ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-д олгосон Талархлын бичиг