app2014

apparat2014Нийт төсөв 100% бүрдэж амьсгалын аппаратыг хүүхдийн тасагт бэлэглэлээ.

Хамтран ажиллаж, хандив өргөсөн та бүхэндээ талархал дэвшүүлье! 

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Төрийн бус байгуулага нь анх 2010 онд сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн зургаан орноос нэгдсэн 27 сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд өөрсдөө бас хандивлагчид юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2014 оны 5-р сарын 30-ны өдөр ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв. Энэ тасаг нь улсын хэмжээнд 0-16 насны хүүхдэд мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. Ерөнхий мэс засал, бөөр, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, нярайн мэс засал хийхэд жилдээ ойролцоогоор 6500-7000 орчим хүүхдэд мэдээгүйжүүлэг өгдөг ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Амьсгалын аппаратыг бэлэглэсний үр дүнд:

  • Аппарат хүрэлцээгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах тохиолдолууд ариласнаар өвчтөнд хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх
  • Эмчлүүлж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг байнга хянаснаар эмчилгээний үр дүн сайжрах
  • Өвчтөнүүдийн ор хооронд багаж зөөхгүй болох тул багажны ашиглагдах хугацаа уртсах, халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ нь 2010-2014 оны хооронд ЭХЭМҮТ-ийн xүүхдийн эмнэлэг, нярайн тасагт инкубатор, монитор зэрэг 6 төрлийн 14 ширхэг шинэ тоног төхөөрөмжүүд бэлэглэн ашиглалтанд оруулсан нь олон мянган хүүхдийн эмчилгээнд өдөр бүр хэрэглэгдэж байна. Нэгэн жишээ дурдахад: 2012 оны 6-р сард хандивласан Изоллет загварын инкубаторт өнөөг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийт 940 гаруй нярай бойжсон үр дүнтэй байна.

Сайн дурын гишүүд нь төслийн төсвийг бүрдүүлэхдээ бүтээлч санаачлага гарган хэрэгжүүлдэг бөгөөд үүнд: хүлээн авалт, дуудлага худалдаа зохион байгуулах, хүүхдийн гэрэл зурагтай ханын хуанли хэвлүүлж борлуулах, асуулт xариултын уралдаан, явган аялал хийх зэрэг ажил өрнүүлдэг. Үйл ажиллагаа ба санхүүгийн тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод хөтлөн явуулдаг онцлогтой юм.

Хүүхдийн төлөөх энэхүү сайхан үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, дэлхийн 20 орноос 1200 гаруй хүн нийт 115 сая төгрөгийн хандив өргөж хувь нэмрээ оруулаад байна. Нийт хандивлагч нартаа болон сайн дурын гишүүддээ дахин талархал дэвшүүлье!!

Дараагийн төслийн бэлтгэл ажил эхэлсэн ба 2014-2015 онд Самсунг корпорацийн санхүүжилттэйгээр Түлэнхийн төвийн Хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлахаас гадна эмч сувилагч, эцэг эхчүүдтэй хамтран хүүхдийг түлэгдлээс сэргийлэх хөтөлбөрийгг хэрэгжүүлэх болно.

Монголын үрс эрүүл байг!

red-pen-1f3fe237-a37e-4dd6-8397-3d50730fd540